images

АНУ: Шоронгоос оргосон хоригдлууд зугтахад амархан байсан тухайгаа бичиж үлдээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-21


   АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанз хотын шоронгийн хоригдлууд жорлонгийн бохирын хоолойгоор гарч оргожээ. Тэдний гурвыг нь баривчилсан ч хүн амины хэрэгтэн тэргүүтэй долоон хоригдлыг эрэн сурвалжилж байна. Тэд оргон зайлахдаа "Toо Easy LoL" гэж шоолсон бичиг үлдээсэн хэмээн "Associated Press” агентлаг мэдээлжээ. 1400 хоригдолтой уг хорих ангийн удирдлага оргодлуудын талаар мэдээлэл өгсөн хүнд мөнгөн шагнал амлаад байна. Тэд өнгөрсөн 16-ны өдрийн 01 цагийн орчимд угаалгын өрөөний цоожтой хаалгыг хүчээр онгойлгон орж, жорлонгийн суултуурыг авч хаяад бохирын хоолойгоор гарсан бөгөөд угаалгын өрөөний ханан дээр "Бид буруугүй. Энэ нүхээр гарах хэтэрхий амархан байлаа" гэх мэт үгс бичиж үлдээсэн байна. Тухайн үед ээлжийн харуул хоолоо идэхээр хяналтын өрөөнөөс түр гарсан байжээ. Хоригдлууд оргосныг долоон цагийн дараа буюу өглөөний 8:30-д мэдсэн байна. Оргодлууд 19-42 насныхан бөгөөд танхай, гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины хэргээр ял эдэлж байжээ. Хэрэг явдалтай холбогдуулан хорих ангийн удирдлага гурван ажилтнаа халсан байна. Мужийн цагдаа нар оргодлуудыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс мөрдөн байцаалтын цар хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Холбооны мөрдөх товчоо оргодлуудын талаар мэдээллийг 10 мянган доллароор үнэлж байгаа бол цагдаагийн газар тэднийг онц аюултай гэмт хэрэгтнүүд гэдгийг сануулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.