Бүүкерийн шагналыг Энэтхэгийн эмэгтэй зохиолч хүртэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-22
Бүүкерийн утга зохиолын энэ жилийн шагналыг "Heart Lamp" богино өгүүллэгийн түүврээрээ Энэтхэгийн зохиолч Бану Муштак, орчуулагч Дипа Басти нар хүртсэн тухай AFP агентлаг мэдээлэв. "Heart Lamp" нь зохиолч, хуульч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, эдүгээ 77 настай Б.Муштакийн 1990-2023 оны хооронд бичсэн 12 богино өгүүллэгээс бүрдсэн түүвэр бөгөөд богино өгүүллэгийн түүвэр Бүүкерийн шагнал хүртсэн анхны тохиолдол болж байна. Зохиолд Өмнөд Энэтхэгийн кастын нийгэмд амьдардаг эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлдэг бөгөөд тус улсын Карнатака мужийн уугуул хэл болох каннада хэлээр бичигдсэн байна. Мөн нөгөө талаар каннада хэлээр бичигдсэн бүтээл Бүүкерийн шагнал хүртсэн анхны тохиолдол болж байна. Олон улсын Бүүкерийн шагнал нь англиас өөр хэлээр бичигдэн англиар орчуулагдсан утга зохиолын бүтээлд олгодог шагнал юм. 2016 онд Нобелийн шагналт БНСУ-ын зохиолч Хан Кан "Цагаан хоолтон" романаараа тус шагналыг хүртэж байв. Бүүкер нь Нобелийн шагнал, Францын Гонкурын шагналын дараа орох дэлхийн утга зохиолын шилдэг гурван шагналын нэг гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.