images

Африк тивд орших Испанийн эзэмшлийн хоёр хот дүрвэгсдийн гол зам болж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-23


   Африкийн баруун хойд хэсэгт орших исламын шашинтай Марокко улстай хиллэдэг Газар дундын тэнгисийн Сеута болон Мелилла хоёр хот нь Испанийн эзэмшлийн хотууд юм. Сеута нь Атлантын далай, Газар дундын тэнгисийг холбосон Гибралтарын хоолойд байдаг бол Мелилла нь Мароккогийн зүүн хойд хил дээр оршдог. Африк тивд Европын колонийн ноёрхол дууссанаас хойш хагас зуун өнгөрсөн ч энэ хоёр хот Европын орны эзэмшилд байсаар байдаг ажээ. Хоёр хот тус бүр 80 мянга орчим хүн амтай, Сеута хот нь 18.5 км/кв нутагтай бол Мелилла нь 12.3 км/кв газартай жижиг хотууд бөгөөд албан ёсоор Европын холбоонд хамаардаг. Албан ёсны хэл нь испани хэл, мөнгөн тэмдэгт нь евро бөгөөд ислам, Христийн шашин зэрэгцэн оршдогийн дээр НҮБ уг хоёр хотыг Испанийн нутаг дэвсгэр гэж үздэг ажээ. Сеута, Мелилла хоёр хэрхэн өнөөг хүртэл Испанийн эзэмшилд үлдсэн бэ?

   Сеута хотыг 1415 онд Португал улс эзлэн аваад 1668 онд Лиссабоны гэрээгээр Испанид шилжүүлсэн бол Мелилла хотыг 1497 онд Испани улс эзлэн авсан байна. Тухайн үед Африк тив рүү гарах гарц болох Марокко улсыг хяналтандаа авахаар Европын гүрнүүд өрсөлддөг байжээ. Эцэст нь Франц, Испани хоёр 1912 онд Марокког хуваан захирах болсон байна. 1956 онд Марокко улс тусгаар тогтнолоо зарлаж, 40 жилийн колоничлолоос ангижрахад Испани улс Сеута, Мелилла хоёрыг буцааж өгөөгүй бөгөөд Марокко улс байгуулагдахаас өмнө олон зууны турш Испанийн нутаг байсан гэсэн үндэслэл гаргажээ. Газар нутгийн маргаан хоёр улсын хооронд одоо ч үргэлжилсээр байна. Харин өнөөдөр энэ хоёр хот Африкийн дүрвэгсдийн Европт нэвтрэх гол зам болоод байна. Испанийн Засгийн газар дүрвэгсдийг оруулахгүйн тулд хотыг тойруулан зургаан метр өндөр өргөст торон хашаа татсан хэдий ч дүрвэгсэд янз бүрийн аргаар нэвтэрсээр байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.