102 жилийн өмнө Японы Эзэн хаанд монголчуудын илгээсэн тусламж гуйх бичиг
Монголын яруу түүх
2025-07-08
Японы Эзэн хаан Нарүхито хатан Масакогийн хамтаар Монгол улсад айлчилж буй түүхэн үйл явдлыг тохиолдуулан, Япон улсын Гадаад хэргийн яамны архивт хадгалагдаж буй нэгэн баримтыг сийрүүлэн толилуулж байна. Одоогоос 102 жилийн өмнө Монголын нэр бүхий ноёд, лам нар большевик Оросын эзэрхэг засгийн дарлалд гачигдан зовсон улс үндэстнээ аврахаар Япон улсаас тусламж гуйн энэ бичгийг илгээжээ. "Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тамга" гэсэн үг бүхий тамга дарсан, Монголын төр, шашны зүтгэлтэн, ерөнхий сайд асан Манзушир хутагт С.Цэрэндоржийн гарын үсэг бүхий нийт найман хуудас энэ бичгийг Шүүх яамны бичээч Цэрэнпил, Лувсанцэрэн нар авч 1922 оны сүүлээр Их Хүрээнээс мордсон бөгөөд судлаач О.Батсайхан, Ж.Урангуа нарын бичсэнээр, зорьсон газраа хүрэхийн тулд тэд Харбин, Мүгдэн, Тяньжин, Бээжингээр явж түмэн бэрхийг туулжээ. Уг бичиг ямар ч байсан Японд хүрсэн агаад Тайшогийн 12 дугаар оны тавдугаар сарын 19-ний өдөр (1923 оны тавдугаар сарын 19) гэсэн огноо, Гадаад Монголын Хутагтын төлөөлөгчийн авчирсан бичиг" гэсэн гарчигтайгаар хадгалагдаж байна. Уг бичигт Японы тал ямар нэг хариу өгөөгүй. 1923 онд тухайн үеийн эрх баригчид Японд бичиг илгээсэн явдлыг улсаас урвасан гэмт хэрэг хэмээн үзэж, мөрдөн байцаах тусгай комисс байгуулан шалгажээ. Улмаар “Гүн Цэрэнпилийн хэрэг” гэгчид холбогдуулан 20 гаруй хүнийг шийтгэсэн бөгөөд судлаач Ж.Урангуа, Л.Одзаяа нарын бичсэнээр, “... найман хүнийг буудан алах, дөрвөн хүнийг 5 жил гянданд хорих, гурван хүнийг 3 жил гянданд хорих, явсныг нь мэдсэн боловч нэхэж тагнуулдаагүй ба гэрчлэн эс гарсан албан тушаалтан нэр бүхий зургаан хүнийг 270 лан мөнгөөр торгож тушаалаас байлгах, мөн гэрчлээгүй гэх хоёр ардыг тус бүр 27 лан мөнгөөр торгох... ” ял оногдуулжээ.
"Япон улсын Эзэн хаанд Монгол улсын Эзэн хааны элч Цэрэнпил гүнгээс илгээсэн бичиг.
Олноо өргөгдсөний 12 дугаар он, усан нохой жилийн намрын тэргүүн сарын 25-ны өдөр.
Өргөн дэвшүүлэх нугалбар.
Халх Монгол улсын угсаа бүхий олон хан, ван, гүнгүүд, бас олон хутагт, шанзодба лам хичээнгүйлэн үнэмлэх тамга дарсан нугалбар бичиж, Их Жи бин улсын эзэн хааны амгалан жаргалангийн наран тунамал гурван цагийн бурхан лугаа ялгал үгүй зарлигийн эрх баялаг, насан хийгээд бие сэтгэл хэмжээлшгүй хэтэрхий амгалан төгөлдөр гэгээнтний алтан өлмий дор мөргөн сөгдөж өргөв.
Дээрээс толилон тогтоож, улаан намын тэнэмэл болсон харгис засгийг битүүгээр номхруулж, халх монголчуудыг сулхан болгож хүчийг зузаатгатугай хэмээн хүссэнийг амарлингуй, нигүүлсэнгүй буян чуулганаар авран өршөөж, улсын засагт гутамшиг үгүй болгож, сонсголонгийн алдрыг арван зүг дор дэлгэрүүлэн, гайхамшигт эрдмийн гавьяа хүчнийг нэн илэрхийлүүлэх хүнд хишиг хүртэхийг хүсэн гуйж, өргөн дэвшүүлэхийн учир бидний монгол овогтон болбол язгуураас бурхны авран нигүүлсэх, тэнгэрийн амьдран хүмүүжүүлэх ёслолт номыг журамлаж, өчнөөн зуун жил болтол Очирдара Богд багш лам юугаа оройдоо барин, зүрхнээс хагацал үгүй шүтэж тахисаар өмсөх, идэх, уух алин хүсэлтийг нийтээр шагнасан нутаг дор итгэж аж төрсөн нь хараахан Дундад иргэн улс эзэнт засгийн эрхийг шилжүүлэн, бошго журмыг халаад гамин нам болсон шинэ засгийн гашуун хорсолтой цаазыг эс даан, тусгаар улс болж тулгар төр байгуулан тогтносны дараах арав шахам он дор манай Засгийн газрын эрх барилцаж сайд хэмээгдсэн харгис хэдэн ноён Бээжин хотноо одож шар шашин хийгээд хаан эзэн Очирдара Богд багш лам юугаа омтгойлон огоорч гамин намын шинэ засгийн муу суртал дор дахин аялдан дагалдаж үлэмжхэн тооны цэргийг урин авчирч суулган Халх даяар хохирол, гашууныг эдлүүлэн тэсэхүйеэ бэрх зовлонгийн туйл болгож бүхий дор тэр сацуу Оросын цагаан намын их түшмэл Барон хүчирхэг цэргийн хамтад тусламжаар Богд лам болон халх монголчуудыг өмгөөлөн хамгаалахаар манай Нийслэл хүрээнээ нэвтрэн ирээд тэдгээр харгис гамин лугаа байлдаж даран сөнөөгөөд түр зуур төвшитгөн тохинуулж тэнхрүүлэхийг шахамдаж ахуй дор мөн аанай манай Монголын харгис хэдэн хүмүүс умар этгээдэд асан бүхий Улаан намын оросууд лугаа хуйвалдаж цэрэг ардын хамт цөмрөн ирж тусын өршөөлт Барон түшмэл цэргүүд лүгээ хямруулан байлдуулж, Барон түшмэл цэргүүд бага дийлэгдэн зугатан гарсан дагалдаагаар эдний улаан намын цэргүүд хүч сүрээр журамт засгийн гол цаазыг эвдэн Ардын намын засаг хэмээх үзлээр журамламой, дагуулмой хэмээн эзэрхэн бидний монголчуудыг толгой дарангуйлан захираад эдүгээ үес болов. Үнэн санаат төв шулуун түшмэл ард хүмүүн олонхыг баривчлан хорьж алаад бурхан шашны шүтлэг хийгээд дээшид Очирдара Богд багш ламын зарлиг тааллыг огтхон ч ойшоохгүй шууд таслан зөрчиж, басхүү олон хутагт хувилгаадын хурал номын их суртал журмуудыг хасан хомстгож бас олон ван гүнгийн зэрэг хэргэмтэн угсаатныг бууруулахыг завдан, доошид олон түмнийг онц гаслангаар нэрвэгдүүлсэн зэрэг хүндэд дарлагдлаас яахин хагацах аргыг олноор дахин давтан санал гаргаж нууц зөвлөлдөөд Жи бин улсын эзэн хааны гэгээн бие болбоос маш ариун бөгөөд халдаж үл болох Их улсын тэргүүн мөн болох улсын бүх дээд эрхүүдийг биедээ товчилж, Үндсэн хуулийн ёсоор эл эрхүүдийг хэрэглэдэг Их хаантнаас тусламж гуйхаар одсугай.
Цаг тухайг үзэж дээр сонордуулан айлтгахаар нэгэн санаа, нэгэн бие, нэгэн сэтгэл нийлэлдүүлэн ихэд хөдөлбөр үгүйгээр нотод тогтоод чин үнэнхүүгээс цагийн бэрхэд гадаад, дотоодын харгис тэрслүүгийн талхинд хүндэд талхилуулсан халх монголчуудыг харанхуй зовлонгийн бүрхэгээс түргэнээ хагацуулах, их түшмэл цэргийн чуулганыг хурднаа довтолгон өршөөн илгээгээд тэрс буруу үзлээр эзэрхэн газар орныг эзлэн түйвээсэн улаан нам тэдэн лугаа урван нийлсэн монгол харгис хүмүүсийг хамтаар хядан сөнөөж ойр дахинаар баярлалдах, хол дахинаар сүслэлдэх гэгээн гэрэлт их засгийн хишгийг батад тогтоож, Очирдара Богд багш Жавзандамба ламыг минь хуучин хэвээр улсын эзэнд өргөмжлүүлэн, шашин төр хоёрын хэргийг хослон бариулж тахиулан явсаар ирсэн монголчуудын хэв хуулийг хэвээр хэрэглүүлэн уг үндсэн нутгийн хамтад нийтээр өршөөн гэгээн соёлоор удирдан хамгаалах хүнд хишиг хүртээхийг түмэнтээ хүсэн эл учрыг товчлон гаргаж Их Жи бин улсын эзэн хаан гэгээнтний алтан өлмий дор нугалбар өргөн дэвшүүлээд басхүү Ардын нам хэмээгчдийн санаа зорилт эзэнт хөрөнгөтөн хүчирхэг хэдэн их улсыг ээлэн бууруулахыг хичээж хуралдсан хүмүүсийн санал зөвлөлийн бичгийн хуулбаруудыг тусгай сийрүүлж хамтаар байцаан толилохуй дор бэлтгэж нэгэн дугтуй дор агуулан Монгол нэгэн өчүүхэн бөлгөө улс бүгдийн төлөөнөөс бичиг цэргийн түшмэл Цэрэнпил, Лувсанцэрэн дор нууцаар авхуулан одуулж, өргөн дэвшүүлснийг Энэрэхүй өршөөлт, эрдэм билиг, эрх хүчин эрдэнэ улбараар төгссөн алтан гэгээнээр эл хэргийн байдал учрыг байцаан толилж өчүүхэн монголчуудыг огторгуйн наран хол боловч замбуутивийг гэрлээр гийгүүлдэг адил илбэн тэнхрүүлэх ажаам уу. Үүний тул хичээнгүйлэн ёсолж өргөн өргөв.
Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он, усан нохой жилийн намрын тэргүүн сарын хорин тавны өдөр.
Монгол аймаг шавийг баригч, Ачит номун Дүйнхор Манзушри хутагт батлан үсэг зурвай".
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.