Их Британийн хаан Чарльз монголчуудад баяр наадмын мэнд дэвшүүллээ
Чихэнд чимэгтэй
2025-07-10
Их Британийн цог жавхлант хаан гуравдугаар Чарльз Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон иргэдэд Үндэсний их наадмын мэнд дэвшүүллээ. Тэрбээр баярын захидалдаа,
“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танаа.
Эрхэмсэг ноён танд болон Монголын нийт ард түмэнд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гэргий бид хоёрын зүгээс баярын мэнд дэвшүүлж байгаадаа баяртай байна. Хоёр улсын харилцаа бат бөх байгаад миний бие сэтгэл хангалуун байдаг бөгөөд энэхүү найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Дэлхий нийтэд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны асуудалд эерэг үр дүн гаргахын төлөө манай хоёр улс хамтран ажиллана гэдэгт туйлын итгэлтэй байна.
Гэргий бид хоёрын зүгээс танд болон Монголын нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
Тэрбээр өнгөрсөн онд мөн “Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, Монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.