images

"Yomiuri" сонин: Монголд хоригдож байсан 107 настай япон цэргийн яриа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-07-07


   Япон эзэн хаан Нарүхито Монголд айлчлахдаа Дэлхийн II дайны дараа ЗХУ-аас Монголд цөлөгдөн Улаанбаатарт албадан хөдөлмөр эрхэлж байгаад нас барсан япон цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Японы “Yomiuri” сонины сурвалжлагч 107 настай ахмад дайчинтай ярилцсан байна. Дайн дуусах үед буюу 1945 онд 28 настайдаа Хятадын Жинжөү дэх агаарын хөлгийн шатахууны агуулахад хамгаалагч хийж байгаад баривчлагдан ЗХУ руу ачигдсан Ямада Шүзо “Албадан хөдөлмөр эрхэлж байгаад нас барсан япон хоригдлууд, дайны дараах баривчилгаа, бидний туулсан хүнд зовлонг улам олон хүн ойлгоход энэ айлчлал тус болно гэж найдаж байна” хэмээн тус сонинд ярьжээ. Ямада Шүзо Улаанбаатарт 1945-1947 оны хооронд хоёр жил ажиллаад эсэн мэнд гэртээ харьж чадсан юм. Тухайн үед Сибириэс Монгол руу 14 мянган хоригдол илгээснээс 1700 орчим нь Улаанбаатарт цаг агаарын хүнд нөхцөл, шорон дахь өлсгөлөнгийн улмаас амь үрэгдсэн билээ. 

   Ямада Шүзо Жинжөүгээс цэрэг нөхдийн хамт ачааны галт тэргээр ЗХУ-д очсон тухайгаа сурвалжлагчид дурсан ярьжээ. Ийн ярихдаа Харбины галт тэрэгний өртөөн дээр зугтах гэж оролдсон 18, 19 орчим настай хүү орос цэргүүдэд буудуулахыг харсан нь хамгийн аймшигтай явдал байсныг өгүүлсэн байна. Тэд агшаасан жаахан будаанаас өөр хоолгүй 20 хоногийн турш явж Наушки өртөөнд хүрчээ. Улмаар орос цэргүүдээс монгол цэргүүдийн мэдэлд шилжсэн бөгөөд хэзээ хойно цэргийн ачааны машинд суун хоригдох газраа ирсэн байна. Ямада Улаанбаатарт Төрийн ордон, УДБЭТ-ын барилга дээр ажиллаж байхдаа, гэртээ эсэн мэнд харина гэж огт итгэхгүй байсан гэнэ. 1947 онд амьд үлдсэн хоригдлууд Хоккайдо мужийн Хакодатэ хотод буюу эх нутагтаа хүрчээ. Дайнд явахаасаа өмнө гэрлэсэн эхнэр Сэцүко нь түүнийг төрсөн нутаг Тояамадаа хүлээж байв. Эхнэр нь 2015 онд бурхан болсон бөгөөд Ямада одоо нутагтаа амьдарч байна. Тэрбээр 2019 оноос хойш Токио дахь Үндэсний хоригдогсдын холбооны тэргүүнээр ажиллажээ. Харин холбоонд анх 1998 онд элсэж, Сибирьт амь үрэгдсэн хоригдлуудад зориулсан дурсгалын хөшөөг Тояама аймагт байгуулах санаачилга гарган хэрэгжүүлсэн төдийгүй Монголд ирж, хамт хоригдож байсан нөхдийнхөө дурсгалд хүндэтгэл үзүүлснээ ч дурссан байна.

Эх сурвалж: "Yomiuri" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.